Оюутан :

..бусад

ОЮУТНЫ ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.        Суралцагчдад нь сурч боловсрох, мэргэжил эзэмших, авъяас чадвараа хөгжүүлэх, нийгэм ахуй, соёлын хэрэгцээгээ хангахтай холбогдсон харилцаа, тэдний эрх үүргийг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино

1.2.        Энэхүү дүрмийг тус сургуульд сурч байгаа оюутнууд дагаж мөрдөнө.

1.3.        Оюутан нь шинжлэх ухааны өргөн мэдлэг, өндөр боловсрол, мэргэжлийн ур чадвартай, эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг, ёс суртахуунтай, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болохын төлөө хичээнгүйлэн суралцана.

1.4.        Биеийн тамир спортоор тогтмол хичээллэж, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэнэ.

Хоёр. Оюутнуудын сургууль,
олон нийтийн газар баримтлах дэг
2.1. Тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 10 минутын өмнө сургууль дээрээ ирсэн байна.
2.2. Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд орох боломжгүй бол энэ тухайгаа анги удирдсан ба зөвлөх багш болон сургалтын менежерт урьдчилан мэдэгдэнэ. Оюутанд нэг хоног хүртэлх хугацааны чөлөөг анги удирдсан багш, 1-3 хоногийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, 3-5 хоногийн чөлөөг сургалтын менежер, 30 хүртлэх хоногийн чөлөөг захирал олгоно.
2.3. Хичээлийн хонх дуугармагц хичээлийн анги танхимдаа орж хичээлдээ бэлтгэнэ.
2.4. Завсарлагаанаар хичээлээс хоцорч орох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас зөвшөөрөл авна.
2.5. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэнэ.
2.6. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, бүдүүлэг үг хараал хэлэх, бусдыг заналхийлэх, залилах, хуурч мэхлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг жигшинэ.
2.7. Анги танхимд малгай, гадуур хувцастай байхыг хориглоно.
2.8. Хичээлийн үед бусдад нөлөөлөхүйцээр чанга ярих, үймж шуугих, гүйх, дуу хөгжим чанга тавих, гар утсаар ярихыг хориглоно.
2.9. Өөрийн авъяас сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурх гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт, сонгон суралцах хичээл болон сургуулийн захиргаа, байгууллагаас зохиож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож авъяас чадвараа хөгжүүлнэ.
2.10. Өдөр бүр бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
2.11. Сургууль, багшаас эцэг, эхэд хандсан буюу эцэг, эхээс сургуульд хандсан асуудлыг зөв, шуурхай танилцуулна.
2.12. Эцэг, эх, ах, эгч, ахмад хүмүүсийн үг сургамжийг дагаж мөрдөх ба найз нөхөд, дүү нартаа зөв үлгэр дууриалал үзүүлнэ.
2.13. Гудамж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зөв зорчино.
2.14. Үндэсний болон хүн төрөлхтний дэвшилтэт ёс заншил, соёлын үнэт зүйлийг хайрлан хамгаална.
2.15. Гудамж, талбай, сургууль, олон нийтийн газарт бусадтай зөв боловсон харьцаж нийгмийн хэв журмыг сахин биелүүлнэ.
2.16. Хүрээлэн буй байгаль, түүний баялаг, гэр орны болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, арвижуулахын төлөө чармайна.

Гурав. Оюутны эрх
3.1. Оюутнууд нь Боловсролын хууль болон бусад хууль тогтоомж, ТДС-ийн дүрэм, журамд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхээс гадна мэдээллээр хангагдах, сургуулийн удирдах зөвлөлд төлөөлөлтэй байх, сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах, амжилттай суралцсаны тэтгэлэг, дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал, сургалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал, хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
3.2. Оюутан нь зохих журмын дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх эрхтэй
3.3. Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах
3.4. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих
3.5. Хууль, тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх

Дөрөв. Оюутны үүрэг
4.1. ТДС-ийн суралцагчдын дүрэм, журамтай танилцаж, дагаж мөрдөх
4.2. Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг чанд мөрдөн хичээлийн хөтөлбөрийг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг, чадвар, дадлыг бүрэн эзэмших
4.3. Хичээлд тогтмол сууж, сурлагын хангалттай дүн үзүүлэхийн зэрэгцээ сахилга, дэг журмыг хатуу чанд сахин, сургууль багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, сургуулийн дотоод журам, суралцагчийн дүрэм, холбогдох журмуудыг хүндэтгэн биелүүлэх
4.4. Хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглах
4.5. Оюутан, сурагчдын эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох
4.6. Суралцах хугацаандаа бие даан мэдлэг эзэмших, чадвар, дадал олохын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан сургуулиас зохиогддог соёл хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцох
4.7. Дипломын болон мэргэжлийн зэрэг хамгаалах ажлыг үйлдвэрлэлд үр ашгаа өгөхөөр бүтээлч сэдвээр хийж гүйцэтгэх, хийсэн ажлаа сургуульдаа үлдээх
4.8. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн дадлагаа хуваарьт газар хийх, байгууллагын зардлаар сурдаг бол тухайн байгууллагадаа хийх
4.9. Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх.
4.10. Оюутан нь сургуулийн нийт багш, ажилтан ажиллагсадыг хүндэтгэх
4.11. Сургуулийн өмч хөрөнгө, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг, гарын авлага, анги танхимын эд хогшил, ширээ сандлыг ариг гамтай эдэлж ашиглах.
Тав. Хүлээх хариуцлага
5.1 Оюутан нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргавал тус сургуульд мөрдөж буй дүрэм журамд заасан хариуцлагыг хүлээнэ.

 

ОЮУТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
Оюутан, суралцагчдын шилжилт, хөдөлгөөнтэй холбогдолтой асуудлыг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Суралцагчдад чөлөө олгох
2.1. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (өвчний учир, ар гэрийн гачигдал, төлбөрийн чадваргүй байдал, цэргийн алба хаах) цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй бол суралцагч 1 жилийн хугацаатай чөлөө авч болно. Чөлөөг сунгах буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн, үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
2.2. Суралцагч жилийн чөлөө авах өргөдлийг сургалтын албаар дамжуулан сургуулийн захиргаанд гаргана.
2.3. Өргөдлийн дагуу сургалтын алба тухайн суралцагчийн шалтгааныг судлан саналаа (тушаалын төсөл) боловсруулж захиралд танилцуулна.
2.4. Сургалтын албаны саналыг үндэслэн захирлын тушаал гарна.
2.5. Захирлын тушаалд оюутанд чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал, сар, өдөр тухайн суралцагчийн эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг тодорхой заасан байна.
2.6. Чөлөөтэй байсан хугацаа нь суралцах хугацаанд хамаарахгүй.
2.7. Чөлөөнөөс ирж байгаа суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулах тухай захирлын тушаал гаргана.
Гурав. Суралцагчдын шилжилт хөдөлгөөн
3.1. Гадаад болон дотоодын сургуулиас тус сургуульд шилжин суралцах хүсэлтэй суралцагч сургалт хариуцсан дэд захиралд хандана.
3.2. Шилжин суралцах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд:
- сургуулийн тодорхойлолт
- хувийн хэрэг
- боловсролын баримт бичиг
- ерөнхий шалгалтын батламж
- иргэний үнэмлэх
- хувийн өргөдөл
- сурлагын дүнгийн жагсаалт /сурлагын дэвтэр/
3.3. Тухайн суралцагчийн өргөдөл, бичиг баримтыг үндэслэн сургалтын алба зохих саналаа гарган, сургалтын гэрээ байгуулах эсэх тухай асуудлыг шийдвэрлүүлнэ. Суралцагчийг шилжин суралцуулах болсон тухай ТДС-ийн захирлын тушаал гарна.
3.4. "Сургалтын гэрээ" байгуулсан оюутан сургалтын албанд хандсанаар, оюутны бүртгэл хийгдэж код олгогдоно.

 

Дөрөв. Сургалтын гэрээ цуцлах
4.1. Сургуулийн захиргаа дараах тохиолдолд суралцагчидтай байгуулсан сургалтын гэрээг цуцлана. Үүнд:
- Оюутны дүрэм, сургуулийн дотоод журмыг удаа, дараа зөрчсөн
- Сургалтын гэрээний 6-р зүйлд заасан заалтуудыг зөрчсөн бол
- Захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж үргэлжлүүлэн суралцаагүй
- Тогтоосон хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй
- Сурлагаар тэнцээгүй Оюутны нэр анхааруулгын хуудсанд 2 улирал дараалан бичигдсэн тохиолдолд сурлагаар тэнцээгүй гэж тооцно.
- Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан бол
- Оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн тохиолдолд зэрэг болно.

ОЮУТНЫ ХОЛБООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оюутан, суралцагчдын сурч боловсрох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх урлаг, спортоор хичээллэх, ахуй нөхцөлөө сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурь эзлэх зэрэг аливаа үүсгэл санаачлагыг дэмжих чиглэлээр суралцагчдын өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий суралцагчдын байгууллагыг оюутны холбоо гэнэ.
1.2. Оюутны холбоо нь /цаашид ОХ гэнэ/ ТДС-ийн суралцагчдыг төлөөлсөн сайн дурын үндсэн дээр нэгдсэн, хараат бус, ашгийн бус оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалсан олон нийтийн байгууллага мөн.

Хоёр. Оюутны холбооны зорилго
2.1. “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлж, оюутны эрх ашгийг хамгаалах
2.2. Суралцагчдын нийтлэг язгуур эрх ашгийг хамгаалах, бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэн ажиллах
2.3. Оюутан өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх
2.4. Багш, суралцагчдын эвсэг харьцааг бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэх үйлсэд тэдний идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх
2.5. Монголын оюутны холбоо бусад байгууллагаас зохиож буй аливаа сургалт болон олон нийтийн ажилд оюутныг хамруулан оролцуулах

Гурав. Үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1. ОХ нь үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг удирдлага болгож, оюутны нийтлэг эрх, ашгийг хамгаалж нас, бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан ажиллана.
3.2. Оюутнууд хоорондын харилцан мэдээлэл, санал, бодол солилцох бүх талын бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.
3.3. Монголын оюутны холбоонд албан ёсны гишүүн байж, гишүүнчлэлээрээ дамжуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
3.4. ОХ нь Монгол Улсын Боловсролын багц хуулиуд, ТДС-ийн дүрэм, дотоод журам болон бусад холбогдох дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Дөрөв. Бүтэц, зохион байгуулалт
4.1. Гишүүнчлэл
 ОХ-ны гишүүнд сургуулийн нийт оюутан хамрагдана.
 ОХ-ны нийт бүрэлдэхүүнийг бүх оюутны хурлаас ил санал хураалтаар шууд сонгоно.
 ОХ нь хүндэт гишүүнтэй байж болно. Хүндэт гишүүн нь оюутан бус байж болно.
 Нийт гишүүдээс сонгогдсон 9 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид ажиллана.

4.2. Хуралдаан
 Нийт гишүүдийн хуралдааныг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна.
 Хуралдаанд нийт суралцагчдаас сонгогдон оролцох ба сургалтын менежер, сургуулийн удирдлагаас оролцуулж болно.
 Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ОХ-ны гүйцэтгэх албаны саналыг харгалзан, хуралдаан болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт суралцагчдад танилцуулна.
 Хуралдаан нь суралцагчидтай холбоотой аливаа асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах, ОХ-ны дарга, тэргүүлэгчдийн тухай санал хүсэлт, цаашдын зорилт, бүтэц зохион байгуулалтын талаархи мэдээллийг хэлэлцэнэ.
 Хуралдаан нь бүх сонгогдсон төлөөлөгчдийн гуравны хоёроос дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчинтэй байна.
 Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

4.3. Гүйцэтгэх алба
 ТДС-ийн нийт ангиудын дарга нараас бүрдсэн гүйцэтгэх алба ОХ-ны тэргүүлэгчдийн дэргэд ажиллана.
 Гүйцэтгэх алба 2 долоо хоногт 1 удаа хуралдана.
 ОХ нь гүйцэтгэх албатай хамтран өргөтгөсөн хуралдааныг хуралдуулна.
 Хуралдааныг гишүүдийн гуравны хоёр хувь нь ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.
 Гүйцэтгэх албаны гишүүд нь ОХ-ны ажлын төлөвлөгөөтэй танилцаж, анги хамт олныхоо санал, хүсэлтийг уламжилж, оюутны дунд зохиогдох арга хэмжээнд анги, курсээ уриалан идэвхтэй оролцуулна.

Тав. Эрх, үүрэг, хариуцлага
5.1. Оюутны холбооны даргын эрх үүрэг:
 Оюутны холбооны даргыг зөвлөлийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн сонгож, олонхийн саналаар батална.
 Оюутны холбооны дарга нь нийт оюутны нийтлэг эрх, ашгийг хамгаалагчийн хувьд нам бус байна. Хэрэв намын гишүүн байвал сонгуульт хугацаандаа намаасаа түдгэлзэнэ.
 Оюутны холбооны дарга нь холбооны хурлаар дэвшүүлсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
 Оюутны холбооны даргыг 2 хүртэл жилийн хугацаатайгаар сонгож ажиллуулах ба үүрэгт ажлаа хангалттай хийж буй тохиолдолд дахин сонгож болно.
 Оюутны холбооны дарга нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.
 Оюутны холбооны дарга нь шинээр гишүүн элсүүлэх, чөлөөлөх тухай саналыг холбооны хуралдаанд оруулна.
 Цаг үеийн тулгамдсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллаж, бусад оюутны байгууллагуудад ОХ-г төлөөлөн ажиллана.
 Оюутны холбооны дарга нь хүндэтгэх шалтгаан /төгсөх курс, ар гэрийн гачигдал гэх мэт/-аар болон өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

5.2. Оюутны холбооны даргын хүлээх хариуцлага:
5.2.1. Оюутны холбооны дарга нь шалтгаангүйгээр хурлыг орхиж, тарааж, хойшлуулсан болон хурлаар дэвшүүлсэн асуудлыг цаг тухайд нь шийдээгүй зэрэг идэвхигүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээнэ.

5.3. Оюутны холбооны гишүүний эрх, үүрэг, хариуцлага

--  ОХ-ны удирдлагад сонгогдох, сонгох

--  ОХ-ны дарга, тэргүүлэгчдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах

--  ОХ-оос зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
--  ОХ-ны хураамжийг тогтоосон хугацаанд төлөх

Зургаа. Санхүүжилт
6.1. Оюутны холбоо сургууль, гадаад, дотоодын байгууллага, иргэдээс оруулах хандиваар санхүүжиж болно.
Долоо. Бусад зуйл
7.1. ОХ нь өөрийн бэлгэдэл, туг, хэвлэмэл хуудас, дуутай байж болно.
Найм. Хориглох зуйл
8.1. ОХ нь сургалт, үйлдвэрлэлийг саатуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг: Ерөнхий зүйл

1.1. Энэхүү дүрэм нь Технологийн Дээд Сургуулийн суралцагчдын ёс зүйн асуудалтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд сургуулийн дүрэм, дотоод журмын салшгүй хэсэг болно.
1.2. Суралцагчдын гаргасан ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олонд учирсан хохирлыг нөхөн барагдуулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэн ёс зүйн зөрчлийг таслан зогсооход оюутны ёс зүйн дүрмийн үндэс оршино.
1.3. Суралцагчдын гаргасан ёс зүйн зөрчлийн улмаас сургууль хамт олонд учирсан хохирлыг нөхөн барагдуулах ажлыг ёс зүйн хороо хариуцаж, МУ-ын боловсролын багц хуулиуд, дотоод журмын хэрэгжилт сургуулийн эрхэм зорилго, сургалтын гэрээний биелэлтийг хэрэгжүүлнэ.

Хоёр: Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн:

2.1. Ёс зүйн хороо нь хороон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.2. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.
2.3. Ёс зүйн хороо нь багш болон оюутны холбооны төлөөллөөс бүрдсэн нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4. Ёс зүйн хорооны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.4.1. Ёс зүйн хорооны хурлыг зарлан хуралдуулж, удирдан явуулах, үйл ажиллагаа, бүрэлдэхүүний талаар захиргаанд санал оруулах.
2.4.2. Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргыг удирдлагаар хангаж ажиллах, хурлаас гарсан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, дүрэмд заагдсан бусад чиг үүргийг биелүүлэх
2.5. Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.5.1. Ёс зүйн хорооны хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэж дарга гишүүдэд танилцуулах, хурлын тэмдэглэл хөтлөх
2.5.2. Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах, дүрэмд заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
2.6. Ёс зүйн хорооны гишүүд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.6.1. Ёс зүйн хорооны хурал дээр яригдсан зүйлс, нууц санал хураалтын дүнгийн тухай мэдээллийг нууцлах
2.6.2. Ёс зүйн хорооны хурал дээр гишүүд асууж танилцах үг хэлэхдээ зарчимч шударга байр суурийг хатуу баримтлах
2.6.3. Дүрэмд заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Гурав: Бусад

3.1 Энэхүү дүрмийг нийт оюутнуудад ойлгуулан сурталчилж, мөрдүүлэх бөгөөд зөрчил гаргагчдыг ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн, сургууль хамт олонд учирсан материаллаг болон материаллаг бус хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргана.
3.2 Тухайн оюутнуудын гаргасан зөрчлийн тухай асуудлыг хариуцсан удирдлагууд ёс зүйн хорооны хуралд биечлэн оруулна
3.3 Оюутнуудын гаргасан зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан холбогдох удирдах ажилтанд дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
3.4 Ёс зүйн хорооны гишүүн сахилгын зөрчил гаргавал хуралд оролцох эрхийг нь хасаж, энэхүү дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
3.5 Ёс зүйн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд 2 удаа оролцоогүй бол гишүүний эрхийг түдгэлзүүлнэ.
3.6 Ёс зүйн хариуцлага хүлээсэн оюутан нь шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 6 сарын хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол урьд нь хүлээлгэсэн хариуцлагыг хүчингүйд тооцож, ёс зүйн хорооны хурлаас албан ёсны дүгнэлт гаргана.
3.7 Ёс зүйн зөрчил гаргаж сургуулийн хамт олонд материаллаг ба материаллаг бус хохирол учруулсан оюутнуудаас нөхөн төлбөр төлүүлэх асуудлыг ёс зүйн дүрмээр зохицуулна.
3.8 Ёс зүйн зөрчилд оногдох нөхөн төлбөрийг төлсөн байдлыг харгалзан үзэж сургуулиас хасах, чөлөөлөх, жилийн чөлөө олгох бусад сахилгын шийтгэл оногдуулахаас хөнгөлж чөлөөлж болно.
3.9 Ёс зүйн хороо оюутнуудын сургууль хамт олонд учруулсан хохирлыг барагдуулж, нөхөн төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Дөрөв: Сахилгын зөрчил гаргасан суралцагчдад
сургуулийн зүгээс хүлээлгэх хариуцлага

4.1 Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан, шалгалтын материалтай урьдчилан танилцсан, хуулсан, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн, хууль бус аргаар дүн, шагнал урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээг авсан, хуурамчаар үйлдсэн, үр дүн, тайланг буруу мэдээлсэн
4.2 Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт, хичээл, дадлагын үйл ажиллагаанд саад учруулсан.
4.3 Сургуулийн удирдлага, багш нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.
4.4 Сургуулийн бичиг баримт, мэдээ материалыг гэмтээсэн, устгасан, хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөлгүй хувилсан буюу хэвлэсэн.
4.5 Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх зохисгүй үйлдэл гаргасан
4.6 Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, бусдыг доромжилсон, заналхийлсэн, эрх чөлөө болон хувийн нууцад халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлсэн, тасалдуулсан.
4.7 Сургуулийн нутаг дэвсгэрт хар тамхи, согтууруулах ундаа биедээ авч явсан буюу хэрэглэсэн.
4.8 Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зүй бус байдлаар ашигласан, гэмтээсэн
4.9 Сургуулийн байр болон бусад тоног төхөөрөмжийг буруугаар ашигласан, тэдгээрт гэмтэл хохирол учируулсан, хариуцсан ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан.
4.10 Сургуулийн байр эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, карт, кодыг зөвшөөрөлгүйгээр ашигласан бусдад дамжуулсан
4.11 Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм журмын заалтыг зөрчсөн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

 

Тав: ТДС-ийн оюутнуудын ёс зүйн зөрчлийн улмаас сургууль хамт олонд учирсан хохирлыг

барагдууулах нөхөн төлбөрийн жишиг:

 

Сургууль хамт олонд учирсан материаллаг ба материаллаг бус хохирол, зөрчлийн хэлбэрүүд

Эхний удаад авах арга хэмжээ

2 дахь удаа авах арга хэмжээ болон нөхөн төлбөрийн хэмжээ

1

10-20 цаг хүртэл хичээл тасалсан

-  Анхааруулах

-  Амаар болон бичгээр сануулга өгөх

-  Амлалт авахуулах

-  Ёс зүйн сургалтанд хамруулах

-  Учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий этгээдэд уламжлах

 

 

 

 

 

5000-10000 хүртэлх

мөнгөн торгууль

ноогдуулах

2

Сургуулийн газар хөзөр, компьютерийн тоглоом зэргээр тоглох, мөрийтэй тоглох

3

Багш ажилтнуудын зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн

4

Бусдыг харааж зүхсэн

5

Хичээл дээр бохь зажилж, шүлс, нус, тамхины иш, хог зэргийг зориулалтын бус газар хаясан

6

Хичээл дээр гар утас хэрэглэсэн

7

Зориулалтын бус газар тамхи татсан

8

Бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн

9

Хичээл дээр үймүүлж, багшид болон бусад оюутнуудад хүндрэл бэрхшээл учруулсан

10

Хичээлийн дундуур зөвшөөрөлгүй гарсан зөрчлийг 4-н удаа үйлдсэн

11

Хамт олны дотор хов жив ярьсан

 

 

 

10000-20000 хүртэлх мөнгөн торгууль

ноогдуулах

12

Номын сангийн дотоод журмыг зөрчсөн

13

Сургууль хамт олны эсрэг ухуулга яриа хийсэн

14

Хичээл сургалтын орчны амгалан тайван байдлыг алдагдуулсан

15

Сургуулийн орчин, дотуур байранд зодоон хийсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн мөн танхайрсан

16

Бусдыг санаатай гүтгэсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон

17

Сургуулийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн

5000-10000 хүртэлх мөнгөн торгууль

ноогдуулах

18

Зэвсэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг, хэрэгсэл ашиглах, хадгалах, эзэмшилдээ байлгах;

19

Хулгай, дээрмийн хэрэгт холбогдсон, бусдыг айлган сүрдүүлсэн

20

Хуулиар хориглосон арга, хэлбэрээр мансууруулах бодис хэрэглэх, үйлдвэрлэх, түгээх, борлуулах, эзэмшилдээ байлгах

Сургуулиас хөөх

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан