2026 оны 10-р сарын 01-ний өдөр АНУ-ын иргэн, Nomad Ventures медиа компанийн гүйцэтгэх захирал, тэмээ судлал болон аутизмын чиглэлээр дэлхийд танигдсан зохиолч, судлаач, шинжээч Кристина Адамс-д Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь тэмээний аж ахуй, ингэний сүүний ач холбогдол, хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг өөрийн судалгаа, бүтээлээрээ дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн ном, бүтээлүүд хандивлан багш, судлаач, суралцагчдын мэдлэгийг тэлэхэд дэмжлэг үзүүлэн, манай их сургуулийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн үйл явдал байв.
Түүний судалгаа нь аутизмтай хүүдээ туслах хүслээс эхтэй бөгөөд ингэний сүү, түүний ач холбогдлыг дэлхийн олон улсад таниулах, үнэ цэнийг өсгөхөд түлхэц болсон ба ингэний сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг аутизм, чихрийн шижин төдийгүй дархлаа, хавдрын эсрэг үйлчилгээ зэрэг олон чиглэлээр судалж байна.
Арга хэмжээнд сургуулийн удирдлага, багш, профессоруудаас гадна түүний найз нөхөд, Солид партнерс ХХК, Азийн сүүний холбоо, Олон улсын худалдааг дэмжих төсөл (ITDM), Монголын ингэний сүүний кластер зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, баяр хүргэв.


Мэдээ бэлтгэсэн: П.Байгалмаа, ЭЗ-ийн нарийн бичгийн дарга