“Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “ОЗОН БА УУР АМЬСГАЛ” сэдэвт нээлттэй лекцийг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний албаны санаачилгаар Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль (ХҮТИС), Хүнс, технологийн политехник коллеж (ХТПК)-той хамтран зохион байгууллаа.
Нээлттэй лекцийн зорилго нь озоны давхаргын ач холбогдол, түүнийг хамгаалах олон улсын болон Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал, хөргөх бодисын хэрэглээ, хөргөлт, агааржуулалтын салбарын өнөөгийн нөхцөл, мэргэжилтний эрэлт хэрэгцээний талаар оюутан, суралцагчдад мэргэжлийн болон бодит мэдээлэл өгөх, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэв.
Тус үйл ажиллагаанд ХҮТИС, ХТПК-ийн 130 орчим оюутан, мөн Барилгын политехник коллежийн Х.Энхийн-Уянга багштай “Халаалт, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн 2 дугаар ангийн 10 суралцагч хамрагдан, лекцийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

|
Хугацаа |
Үйл ажиллагаа |
|
13:00–13:05 |
Нээлтийн үг – БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны захирал, Проф. Ц.Адъяасүрэн |
|
13:05–13:25 |
“Озоны үе давхаргыг хамгаалах Венын конвенцын 40 жил”-д зориулсан бичлэг |
|
13:25–13:40 |
“Тухайн салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээ” – “Хөргөлт Сервис” ХХК-ийн инженер Л.Даваасүрэн |
|
13:40–13:55 |
“БОУАӨЯ-ны Озоны үндэсний албанаас озоны давхаргатай холбоотой хэрэгжүүлж буй төслийн танилцуулга” – БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны захирал, Проф. Ц.Адъяасүрэн |
|
13:55–14:10 |
“HPMP хөтөлбөрийн хэрэгжилт” – БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн |
|
14:10–14:20 |
“Хөргөх бодисын квотын зөвшөөрлийн цахимжилтын тухай” – БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны мэргэжилтэн А.Энэрэлт |
Лекцийн үеэр озоны давхаргыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, Венын конвенцын ач холбогдол, Монгол Улсад озоны давхаргыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэр дундаа HPMP хөтөлбөрийн хэрэгжилт, хөргөх бодисын хэрэглээ, квотын зөвшөөрлийн цахимжилт зэрэг сэдвээр мэргэжлийн мэдээлэл хүргэлээ.
Мөн хөргөлт, агааржуулалтын салбарын мэргэжилтний эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлага, мэргэжлийн ур чадварын хэрэгцээний талаар салбарын байгууллагын төлөөлөл мэдээлэл өгсөн нь оюутан, суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашдын суралцах болон ажил мэргэжлийн сонголтоо тодорхойлоход ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Энэхүү нээлттэй лекц нь озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгааллын талаарх оюутан, суралцагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарын мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй танилцах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болов.
Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад Б.Гэрэлмаа эрхлэгчтэй ХҮТИС-ийн Инженерийн тэнхимийн багш нар болон Б.Гэрэлтнаран багш идэвх санаачилгатай оролцож, хамтран ажиллалаа.
ХҮТИС нь сургалт, судалгааны үйл ажиллагааг үйлдвэрлэл, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх, оюутан, суралцагчдад мэргэжлийн бодит орчин, салбарын шинэ мэдээлэл, практик туршлага хүргэхэд чиглэсэн ийм төрлийн нээлттэй лекц, уулзалт, сургалтыг цаашид тогтмол зохион байгуулах ач холбогдолтой юм.
Озоны давхаргаа хамгаалах нь дэлхийн уур амьсгал, байгаль орчны тэнцвэрийг хадгалах, хүний эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо шаардсан нийтлэг үйл хэрэг юм.
Мэдээлэл бэлтгэсэн багш: П.Алтанцэцэг /дэд проф/
2026.09.16